Multilingual Folk Tale Database


Information

Author: Ханс Христиан Андерсен - 1838

Translated into Mongolian

Original title (Danish):
Den standhaftige tinsoldat

Country of origin: Denmark

Translations

Dutch - viewaligned

English - viewaligned

French - viewaligned

German - viewaligned

Italian - viewaligned

Mongolian - aligned

Spanish - viewaligned

Turkish - viewaligned


Add a translation

Эрэлхэг тугалган цэрэг

Ханс Христиан Андерсен

Эрт урьд цагт хорин таван тугалган цэрэг байж гэнэ. Тэднийг цөмийг нь нэг халбаганы тугалгаар цутгаж хийсэн тул ёстой л амь нэгтэй ахан дүүс байсан юмсанж. Улаан хөх өнгийн дүрэмт хувцас өмссөн тэдгээр тугалган цэргүүд буугаа мөрөвчлөөд цэх шулуун зогсоцгоох нь үнэхээр цог жавхлантай. Цоглог дайчин тугалган цэргүүдийг нэгэн жаалхүүд аав нь төрсөн өдрөөр нь бэлэглэжээ. Жаалхүү хайрцгийг яаран нээж үзээд “Ура энэ чинь тугалган цэргүүд байна шүү дээ” гэж баярлан дуу алджээ. Тэгж л тугалган цэргүүд анх удаа хүүхдийн баяр хөөртэй, цовоо цолгин дууг сонссон юмсанж. ...

Хүү тэднийг шалавхан хайрцагнаас нь гаргаад ширээн дээрээ өрж гэнэ. Андуурмаар адилхан тугалган цэргүүдээс харин нэг нь өрөөсөн хөлтэй байх юм гэнэ. Түүнийг хамгийн сүүд цутгасан болохоор тугалга нь хүрээгүй юмсанж. Гэвч тэр үүндээ огтхон ч гутарсан шинжгүй бусдын адилаар, мөрлөсөн буугаа чанга атгаад бат суурьтай зогсож байлаа. Ганц хөл дээрээ ийнхүү зогсож байгаа нь харин ч түүний эрэлхэг зоригтойг илтгэж байв.

Ширээн дээрх олон тоглоомоос хатуу цаасаар урласан нэгэн гоё шилтгээн мөнөөх тугалган цэрэгт нэн содон харагджээ. Үзэмжит тэр ордны бяцхан цонхоор өрөө тасалгаанууд нь ив илхэн үзэгдэх юм гэнэ. Ордны яг өмнө нэг бяцхан толь хэвтэж байх нь цэнгэг сайхан нуурыг санагдуулна. Тэрхүү нуурын мандалд лааны тосоор хийсэн цав цагаан хунгууд өөрсдийгөө тольдон сэлж, хөвөөгөөр нь нов ногоон модод эгнэжээ. Энэ бүхэн эрэлхэг тугалган цэргийн харааг булаавч түүний зүрх сэтгэлийг шилтгээний нээлттэй хаалганы өмнө зогсох үзэсгэлэнт охин туйлаас догдлуулан баясгажээ.

Охиныг мөн л хатуу цаасаар хайчлан урлаж, од мичид шигтгэсэн нимгэн даавуун даашинз өмсгөжээ. Тэрээр турьхан хонгор мөрөн дээрээ хөх тууз тохсон байх бөгөөд, туузанд нь цэцгэн хэлбэртэй гоёмсог зүүлт хатгажээ. Охин хоёр гараа урагш сунган, өрөөсөн хөл дээрээ дэгэнцэн зоссон нь бүжиглэж буй бололтой. Дээш өргөсөн хөл нь даашинзных нь хормойд далдлагдаад тугалган цэрэгт харагдсангүй. Үүнийг тугалган цэрэг анзаараад, “Энэ охин бас над шиг өрөөсөн хөлтэй юм байна. Бид гэрлэвэл ямар их аз жаргалтай байх бол доо. Дэндүү их үзэсгэлэнтэй ч юмуу. Энэ охин ийм тансаг сайхан орд харшид амьдарч байгаа юм чинь сурвалжит дээд гаралтай байх. Гэтэл би жирийн нэгэн цаасан хайрцагт ах дүү хорин тавуулаа шахцалдан амьдардаг. Мэдээж энэ бүсгүйд миний муу цаасан хайрцаг гэр болж чадахгүй л дээ. Гэвч би түүнтэй танилцах л болно” гэж боджээ.

Тэр ингэж бодоод зогссонгүй тэп хийтэл үсрээд мөнөөх шилтгээний ойролцоо байсан хамрын тамхины хайрцагны ард очоод нуугдан зогсож гэнэ. Эндээс л бүжиглэж буй үзэсгэлэнт охиныг харахад хамгийн ойрхон байжээ. Үдэш болоход ах нар нь өнөөх тугалган цэргийг хайсан боловч олсонгүй гэнэ. Тэгээд цаасан хайрцагтаа орцгоолоо. Хүмүүс ч унтахаар хэвтэцгээж гэнэ.

Харин эрэлхэг тугалган цэрэг маань нэг хөл дээрээ тэвчээртэй зогсон цонхоор тусах сарны гэрэлд үзэсгэлэнт бүсгүйгээ харсаар л байжээ. Үдшийн нам гүм болмогц ширээн дээрх тоглоомууд бие биенийхээрээ зочлон дараа нь байлдаж, бас багт наадам зохиож тоглоцгоов. Тугалган цэргүүд тоглохсон гэж хүсэвч хайрцагныхаа тагийг нээж дийлсэнгүй. Хушга хаглагч хөөрч догдолсондоо годройтож унаад канар бялзуухайг сэрээчихлээ. Нөгөөдөх нь сэрээд шүлэглэн ярьж гарав. Харин тугалган цэрэг, бүжигчин охин хоёр л байрнаасаа огт хөдөлсөнгүй. Буугаа мөрөвчлөн, цэх шулуун зогссон цэрэг эр охиныг ширтсээр л байв.

Гэтэл яг шөнийн арван хоёр цаг болоход хамрын тамхины хайрцаг пүдхийн онгойж дотроос нь бүлтийсэн нүдтэй, чөрийсөн биетэй бяцхан чөтгөр гарч иржээ. Бяцхан чөтгөр хайрцагнаасаа үсрэн бууж ирээд,

- Хөөе, өрөөсөн хөлтэй тугалган цэрэг чи юунд тэр бүжигчин охиныг ширтээв? Наад охин чинь чамайг юу гэж тоох билээ? гэж хашхирахад тугалган цэрэг юу ч сонсоогүй дүр үзүүлжээ. Чөтгөр,

- За гайгүй ээ, өглөө болог гэж нэг л заналтай хэлж гэнэ. Өглөө болж жаалхүү сэрээд өнөөх тугалган цэргийг цонхны тавцан дээр аваачиж тавьжээ.

Тэгтэл гэнэт салхи хөдөлж цонх дэлгэгдэж гэнэ. Салхинд цохигдов уу, бяцхан чөтгөр түлхчихэв үү? Тугалган цэрэг гурван давхрын цонхны тавцан дээрээс годройтон унахдаа цардмал зам дээр бууныхаа жадаар зоогдож орхижээ. Жаалхүү эгчтэйгээ түүнийг хайхаар гарч гэнэ. Тэд тугалган цэргийг бараг л гишгэчих шахан хайсан боловч олсонгүй. Хэрвээ тугалган цэрэг “Би энд байна” гэж хэлсэн бол тэд дор нь олчих байлаа. Гэвч “Дүрэмт хувцас өмссөн цэргийн хүн байж гудамжинд хашхираад байх нь эвгүй юм” гэж бодоод таг дуугүй байж гэнэ.

Тэгтэл бороо орж, удалгүй бүр хувингаар цутгах мэт асгарчээ. Харин түр зуурын ширүүн бороо арилсаны дараа түүгээр тоглож явсан хоёр хүүхэд зам дээр жадаараа зоогдчихсон тугалган цэргийг олж харжээ.

– Хараач, тугалган цэрэг байна гэж нэг нь хэлэхэд, нөгөө нь,

- Өө, үүнийг чинь завинд суулгаад шуудууны усаар хөвүүлчихье. Сайхан аялал болно доо гэж гэнэ. Ингээд тэд сонин нугалж завь хийгээд тугалган цэргийг суулгаад явуулчихжээ. Тэр хоёр жаал ч завиа даган гүйсээр байж гэнэ. Суваг шуудуугаар урсах борооны ус давалгаалан үе үе завийг далбилзуулан хөмөрчих шахан байв. Гэхдээ л тугалган цэрэг буугаа чанга атган хараа дээгүүр, нуруу цэх, зоригтой явсаар байж гэнэ.

Тэгтэл гэнэт харанхуй нөмрөн нөгөө хатуу цаасан хайрцагтаа эргээд орчих шиг болжээ. Тугалган цэрэг “Би ер нь хаашаа яваад, юунд орчихов доо. Тэр муу чөтгөрөөс л болж байгаа юм. Үзэсгэлэнт охин дэргэд минь явсан бол үүнээс харанхуй байсан ч би айхгүй дээ” гэж бодож гэнэ. Үнэндээ, завь гүүрэн доогуур яваад орчихсон юмсанж.

Гэтэл хажуухнаас нь үлэмж том биетэй усны харх үсрэн гарч ирээд,

- Хөөе, цэрэг эр хүлээ. Үнэмлэх бичгээ үзүүл гэж хашхирчээ. Харин тугалган цэрэг хариу хэлэлгүй буугаа чанга атгасаар яваад өнгөрч гэнэ. Мөнөөх харх түүний хойноос ус үсчүүлэн, шүдээ хавирсаар нэхэн хөөж,

- Хөөе, зомгол сүрэлнүүд ээ наадахаа бариад ав. Наадах чинь бичиг баримтгүй яваа юм шүү гэж хашхирч байжээ. Хархны хашхирахыг сонссон юм шиг усны урсгал бүр ч ширүүсэж, завь ч улам хурдалсаар гүүрэн дороос гарч ирэхэд эрэлхэг тугалган цэргийг гэрэл гэгээ угтжээ.

Одоо л нэг сайхан аялах нь дээ гэж бодтол ямар ч зоригтой дайчин эр айн сүрдмээр их чимээ гарч гэнэ. Ингээд тугалган цэрэг завьтайгаа борооны усны шуудуунаас жинхэнэ урсгал ус руу хөвөөд орчихов. Ийм их усанд жинхэнэ завиар явахад ч аюултай шүү дээ. Гэвч завийг зогсоох ямар ч арга байсангүй. Завь их ус руу хөвөн орж хүрхрээ рүү шидэгдэн дороо хэдэн удаа эргэлдсэнээ живж эхэлжээ. Ус эхлээд тугалган цэргийн бүсэлхийгээр, дараа нь хоолойгоор нь татаж удалгүй бүр толгой дээгүүр мэлтэлзээд ирж гэнэ шүү. Хөөрхий тугалган цэрэг эцсийн мөчид үзэсгэлэнт бүжигчин бүсгүйгээ дурсан “Түүнийг дахин хэзээ ч харахгүй нь дээ” гэж бодтол:

“Яваад бай, яваад бай, байлдагч минь

Ямагт бид зоригтой байвал

Ялалт амжилтанд хүрнэ шүү” гэсэн үгтэй нэгэн дуу санаанд нь оржээ. Дуундаа зоригжин усны эргүүлгээс гарах гэж зүтгэж байтал араа шүд нь арзайсан аварга загас дайран хүрч ирээд залгиж орхижээ.

Аварга загасны гэдсэн дотор аймшигтай харанхуй, цухалдмаар бүгчим ажээ. Гэвч тугалган цэрэг буугаа чанга атгасан, зоригтой золбоотой хэвээрээ байж гэнэ. Тэгтэл нөгөө загас хэд хүчтэй муриганан цовхочсоноо огт хөдөлгөөнгүй болчихжээ. Тугалган цэрэг ч энэ завшаанд жаахан унтаж хажуулаад авчээ. Гэнэт нүд гялбам гэрэл гарч, цахилгаан цахих шиг болоход тугалган цэрэг сэржээ. Тэгтэл тугалган цэргийг залгисан аварга загасыг загасчин барьж аваад зах дээр зарж орхисон юмсанж.

Загасыг худалдаж авсан эзэгтэй гал тогоондоо авчран хутга сэрээ гялалзуулан ходоод гэдсийг нь цэвэрлэжээ. Ингэж цэвэрлэж байхдаа тугалган цэргийг олж гэнэ.

– Хүүе ээ, энэ чинь тугалган цэрэг байна шүү дээ гэж дуу алдсанаа эзэгтэй түүнийг хоёр хуруугаараа чимхэн бариад зочдын өрөөнд орж ирэхэд гайхалтай тэрхүү аялагчийг гэр бүлээрээ үзэж сонирхоцгоов.

Харин тугалган цэргийг ширээн дээр тавихад, тэр бүр ч гайхалтай зүйлсийг олж харж гэнэ. Саяхан сууж байсан өрөө, танил хүүхэд, тоглоомууд, хатуу цаасаар хийсэн нөгөө гайхамшигт ордон, үүдэнд нь зогсох бүжигчин бүсгүй бүгд харагджээ. Тэр бүжигчин мөн л урьдын адил нэг хөлөө өргөн, өрөөсөн хөл дээрээ зогсож байх юм гэнэ. Сэтгэл нь догдолсон тугалган цэрэг баярласандаа золтой л тугалган нулимс унагачихсангүй. Цэргийн хүн уйлж болохгүй гэсэндээ тэсэн өнгөрөөжээ. Бүжигчин охиныг хайрын харцаар ширтэхэд, охин ч бас түүн рүү инээмсэглэн харсаар байж гэнэ. Гэтэл уяралтай энэ агшинд хаалга сэвхийн онгойгоод, тасалгаа нэвт үлээх салхинд бүжигчин охин хийсэн агаарт бүжиглэх мэт эргэлдсэнээ онгорхой байсан пийшингийн амаар орчихож гэнэ. Тугалган цэрэг араас нь үсрэн пийшин рүү орсон боловч хожимджээ. Дүрэлзэн асах галын дөл бүжигчин охиныг хоромхон зуур үнс болгон хувиргасан байлаа. Хайр дурлалдаа шаналсных ч юм уу, хамаг бие нь халуу шатсан тугалган цэргийн өнгө будаг нь хууран хайлж эхэлжээ. Маргааш нь тэр айлын охин пийшингээс үнс гаргахдаа зүрхэн хэлбэртэй хэсэгхэн цагаан тугалга бас түлэгдэж харласан цэцгэн зүүлт олжээ. Эрэлхэг тугалган цэрэг, үзэсгэлэнт бүжигчин охин хоёроос үлдсэн юм ердөө л тэр боловч тоглоомын гайхамшигт ертөнцийн үнэнч хайрын түүх байсан юм даа.